МАА Салбар

400 гаруй төлөөлөгчийг хамруулсан Дундговь аймгийн залуу малчдын зөвлөгөөнд Малын генетик нөөцийн тухай хуулийн талаар танилцууллаа

400 гаруй төлөөлөгчийг хамруулсан Дундговь аймгийн залуу малчдын зөвлөгөөнд Малын генетик нөөцийн тухай хуулийн талаар танилцууллаа

“Тогтвортой мал аж ахуй-2018” залуу малчдын зөвлөгөөн Дундговь аймгийн Сайнцагаан суманд 2018 оны 10 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд боллоо. Аймгийн залуу малчдыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд тус арга хэмжээг Дундговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас ХХААХҮЯ, Дундговь аймгийн ЗДТГ, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Төв халхын дуулалт жүжгийн театр, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Тогтвортой амьжиргаа олон улсын төсөл, Монголын арьс шир үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Могол ноос ХХК зэрэг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагатай хамтран зохион байгуулсан.

 

400 гаруй төлөөлөгчдийг хамарсан зөвлөгөөний үеэр “Дундговь түншлэл-2018” үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан нь аймгийн жижиг, дунд үйлдвэрлэгч, малчдын бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулахад дэмжлэг үзүүлсэн арга хэмжээ болсон гэж оролцогчид үзэж байна. Мөн түүнчлэн бүх сумаас хүрэлцэн ирсэн малчид, төлөөлөгчдийн дунд “Морьтны соёл-айрагны баяр”, “Морьтны гоёл хэрэглэл, эдлэл”, “Сайхан хос морьтон”, "Айрагны дугараа", "Морин дээрээс дөрвөн бэрх буулгах тэмцээн", "Аймгийн хамгийн сайхан айрагтай айл", "Аварга дэмбээчин", "Аварга хуруучин", "Хэн сайн айраг уух вэ?" зэрэг хөгжөөнт тэмцээн, уралдаан боллоо.

Залуу малчдын зөвлөгөөнд холбогдох албаны хүмүүс төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Малын үржил, бүртгэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батсүрэн “Малын генетик нөөцийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд малчдын оролцоо" сэдвээр илтгэл тавьж, хуулийн талаар малчдын сонирхсон асуултад хариулан санал солилцсон юм.

Мөн ахмад малчид, мал аж ахуйн салбарын эрдэмтэн, судлаачид залуу малчдад мал маллах арга ухаан, туршлагаа хуваалцаж, сургамж хайрласан. 

Хуульд малчид, мал бүхий этгээд нь малын генетик нөөцийг бүртгэх, ашиглах, хамгаалах харилцаанд эдлэх эрх, хүлээх хариуцлагыг тодорхой тусгажээ. Тухайлбал, малын генетик нөөцийг ашиглах хүрээнд малын бэлчээр, ус, хужир марааг зохистой ашиглах, генетик нөөц ашигласны үр шимийг хүртэх, баталгаажсан цөм сүргээс үржлийн мал бойжуулах, борлуулах, тухайн бүс нутагт зөвшөөрөгдсөн үүлдэр, омгоос хээлтүүлэгч сонгох зэрэг эрхтэй. Харин малыг сонгон үржүүлэхдээ ашиг шимийн чиглэлийг дур мэдэн өөрчлөхгүй байх, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөр үүлдрийн малыг сайжруулагчаар ашиглахгүй байх, мал сүрэгт үзлэг, ангилалтыг тогтмол хийлгэх зэрэг үүрэгтэйг заажээ.

ХХААХҮЯ-ны МҮБХЗГ-ын дарга Д.Батсүрэнээр ахлуулсан ажлын хэсэг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан удирдамжийн дагуу Дундговь аймгийн 2018-2019 оны өвөлжилт, хаваржилтийн бэлтгэл ажилтай газар дээр нь танилцаж, үнэлгээ, дүгнэлт өгч байна.

Сэтгэгдэлүүд (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.