МАА Салбар

Бог малын хээлтүүлэгчийг ялган төвлөрүүлэх мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний жишиг аж ахуйн нэгж байгууллаа

Бог малын хээлтүүлэгчийг ялган төвлөрүүлэх мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний жишиг аж ахуйн нэгж байгууллаа

Дундговь аймгийн Хулд сумын Олдох багийн хуц, ухныг “Хулд таван эрдэнэ” мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний нэгжид ялган төвлөрүүлж, орон нутгийн мэргэжилтний хяналтад авах ажлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Дундговь аймгийн Засаг даргын тамгын газар, аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар, Хулд сумын ИТХ, ЗДТГ, “Хулд таван эрдэнэ” ХХК хамтран зохион байгууллаа.

 

Малын генетик нөөцийн тухай хуулийг хэрэгжүүлэх, бог малын хээлтүүлэгчийг ялган төвлөрүүлэх, мал үржүүлгийн ажлыг технологийн хугацаанд чанартай гүйцэтгэх, загвар үржлийн аж ахуйн нэгжийг орон нутагт бий болгох энэхүү арга хэмжээнд ХХААХҮЯ-ны Малын үржил, бүртгэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батсүрэн оролцсон юм. Тэрбээр, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, Малын генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжилт, малын үржил, бүртгэлийн салбарын зорилт, үйл ажиллагаа, бог малын хээлтүүлэгчийг мэргэжлийн ажил үйлчилгээний нэгжид ялган төвлөрүүлэх, орон нутгийн Засаг захиргаа, мэргэжлийн байгууллагын хамтын ажиллагааны талаар танилцуулж, малчдын сонирхсон асуултад хариулт өгөв. Малын үүлдэр угсааг сайжруулах, нэгж малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй уг ажлыг Дундговь аймгийн Засаг дарга, Хулд сумын ИТХ, ЗДТГ, Хүнс хөдөө аж ахуйн газар дэмжин, бүх шатанд хамтран ажиллаж байна.

Мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээ гэдэгт малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх, малд үзлэг, ангилалт хийх, удам гарваль, ашиг шимийн гарц, чанарыг тодорхойлох, үр төлийн шинж чанарыг үнэлэх, удам зүйн үнэлгээ хийх, үржил селекцийн ажлын үр дүнг хянан баталгаажуулах, үржүүлгийн хөтөлбөр боловсруулах, сайжруулагч малыг үржилд тохируулан сонгох, цөм сүрэг бүрдүүлэх, малд зохиомол хээлтүүлэг хийх, гойд ашиг шимт мал шалгаруулах, үржлийн малын үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, малын арчилгаа, маллагаа, тэжээллэгийн технологийн чиглэлээр малчин, мал бүхий этгээд, хуулийн этгээдэд мэргэжил, арга зүйн зааварчилгаа, зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагааг хамруулна гэж Малын генетик нөөцийн тухай хуульд заасан байдаг. Уг үйлчилгээ явуулах нэгж нь орон нутгийн мэргэжлийн байгууллага, малчинтай гурвалсан гэрээ байгуулсны үндсэн дээр сум, багийн хэмжээнд үржилд ашиглаж буй хээлтүүлэгчийг худалдаж авах замаар ялган төвлөрүүлэх юм.

Д.Батсүрэн даргаар ахлуулсан ХХААХҮЯ-ны ажлыг хэсэг Дундговь аймгийн Хулд сумын өвөлжилтийн бэлэн байдал болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр гаргасан инженерийн хийцтэй худгийн ашиглалтын байдалтай танилцлаа. 

Сэтгэгдэлүүд (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.