УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ МАЛ ТООЛЛОГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Жил бүрийн 12 дугаар сарын 7-17-ны өдрүүдэд мал тооллогын ажлыг эхлүүлж, өмчийн бүх хэвшлийн мал, тэжээвэр амьтдыг бүрэн хамруулан, улсын хэмжээгээр газар дээр нэг бүрчлэн тоолдог. Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа малтай бүх өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд тооллогод хамрагдана.
Мал, тэжээвэр амьтдын тооллогын бэлтгэл, зохион байгуулалт нь Үндэсний статистикийн хороо, аймаг, нийслэл, дүүргийн статистикийн хэлтэс, газар, сум, дүүргийн Засаг даргын тамгын газар, баг, хорооны засаг дарга гэсэн дарааллаар хийгддэг.
Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогыг явуулахдаа дараах зарчмыг баримтална.
Үүнд:
- Тооллогыг явуулахдаа мал, амьтдыг нэг бүрчлэн нүдээр үзэж, биечлэн тоолж бүртгэнэ.
- Өрх, аж ахуйн нэгж, байгууллагын малыг нэг бүрчлэн, нүд үзэн тоолж, дараа нь маягтыг өгөгдсөн дарааллаар, өрхийн тэргүүлэгч болон аж ахуйн нэгж, байгууллагын захирал, дарга эсвэл тухайн өрх, аж ахуйн нэгж, байгууллагад хамааралтай аль нэг гишүүнээс асууж нөхнө.
- Өрх, аж ахуйн нэгж, байгууллагын малыг байгаа газарт нь тоолж, тухайн оршин сууж байгаа сум, дүүргийн малын данс бүртгэлд оруулна. Харин сум, багаас хэсэг бүлгээрээ өөр аймаг, сумын нутагт отор хийж өвөлжиж байгаа айл өрхийн хүн ам, малыг үндсэн аймаг, сумын тооллогын комисс очиж тоолоод данс бүртгэлдээ авна.
- Баг, сумын нутаг дэвсгэрт ялангуяа адуу, тэмээг газар дээр нь тооллогод бүрэн хамруулан, биечлэн үзэж тоолоход онцгой анхаарна.
- Сум, дүүрэг, баг, хорооны түвшинд нутаг дэвсгэртээ байгаа айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын мал, тэжээвэр амьтад тооллогод бүрэн хамрагдаж орсон эсэх, данс бүртгэлд орхигдолгүй туссан эсэхийг сайн нягталж шалгана.
- Мал тооллогын явцад зарим аймаг, сум, дүүргийн малтай өрх нь өөр аймаг, сум, дүүргийн нутагт цөөн тоогоор нутаглаж харьяалах сум дүүргээс нь очиж тоолох боломжгүй бол холбогдох, аймаг, сум, дүүргийн статистикийн хэлтэстэй холбогдож, малыг нь тоолуулан, өөрийн данс бүртгэлд оруулна.
- Мал, тэжээвэр амьтдын тооллогын ажилд тавих хяналт, шалгалтыг улс, аймаг, сумаас явуулна. Жилийн эцсийн мал тооллогоор нийт тоологдсон өрхийн 10 хүртэл хувьд хяналтын тооллого явуулна.
Мал, тэжээвэр амьтад, малын хашаа, худгийн тооллогын маягт нөхөх зааврыг 2014 онд Монгол улсын үндэсний статистикийн хороо баталсан бөгөөд энэ зааврын дагуу мал тооллогын ажил явагддаг.
Сэтгэгдэлүүд (0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.