Малын генетик нөөцөд хамааралтай уламжлалт мэдлэг
Гүзээтэй хярамцаг бэлтгэх арга ажиллагаа
Орох материал, бэлдэц:
- Цэвэрлэж бэлтгэсэн гэдэс, дотор мах, цувдай
- Амтлагчаар баяжуулан бэлтгэсэн ус
- Гүзээ
- Цэвэр сав суулга
Цус амтлах давс, сонгино, халуун ногоо
Арга ажиллагаа, дараалал:
- Хярамцаг хийхийн тулд гэдэс, дотрыг ердийн аргаар арилгаж цэвэрлэнэ.
- Сайтар угааж цэвэрлэсэн үстэй гүзээг тууш хужирхайн дагуу дээд, доод талуудаар хувааж захын мухар буланг задгайлан тэнийлгэж үстэй талаар нь гадагш харуулж амыг нь онгойлгоно.
- Хярамцаг хийх цусанд гуравны нэг хэртэй гурил, ус хийнэ. Давс халуун ногоо, хөмөл, сонгино зэрэг амтлагчийг нэмэн сайтар базаж жигдрүүлэн нэг саванд нийлүүлж гэдсэнд цутгана.
- Гүзээлэх элэг, уушиг, бөөр, зүрх болон өөх сүүл мөн бага зэргийн цул махыг урт нарийн хэлбэртэй болгон хэрчиж хооронд нь зэрэгцүүлж цувьж бэлтгэнэ.
- Нэг хонины гэдсээр хоёр хярамцаг хийж бэлтгэхийн тулд таван цулын бүрэлдэхүүнийг тэнцүү хоёр хэсэгт хувааж хос эрхтэнг нэг нэгээр, хос бусыг дундуур нь хувааж тус бүрийг нарийн тууз маягаар цувьж жиргээд бүгдийг туушаар өрж, хоёр тусгай дэлгэсэн гүзээн дээр тавина.
- Гэдсэнд цутгасан цусыг гүзээн дотор тараан байрлуулаад голд нь цувьж бэлтгэсэн мах өөхийг байрлуулж гүзээгээ шахаж амыг нь сайтар боож хөлдөөнө.
- Хярамцгийн хэлбэр гонзгой, дөрвөлжин байх нь хэрэглэх бүрдээ дутуу гэсгээж, нэг үзүүрээс нь хөшиглөхөд тохиромжтой байдаг. Хярамцагт цус оролцуулахгүйгээр гүзээнд боохоор зүсэж сармис, сонгино, давс, амтлагчтай холин бэлтгэсэн дотор эрхтэнг жигд тэнцүүлэн, тууш байрлуулж хөлдөөснийг цагаан хярамцаг гэнэ. Хярамцагийг хожим хэрэглэх нийцвэрийг бодож байрлуулсан дотор эрхтний цувимлыг гүзээгээр дөрвөн талаас нь баадагнан боож хөлдөөнө.
Хөлдөөсөн хярамцгийг хэрэглэх өдрөө жаахан гэсгээж уяраан нимгэн хавтгайгаар хөшиглөн шөлтэй хоол хийхэд зохимжтой илчлэг сайтай хүнс болдог. Ялангуяа шар, цагаан будаатай хэрэглэхэд тохиромжтой. Хүйтэн өдөр сонгино, сармистай хольж хуурч иднэ. Хярамцагтай хоол нь өвлийн хүйтэн улиралд илчит чанар илүүтэй байдаг онцлогтой.
Сэтгэгдэлүүд (4)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
e
e
Хүнс нөөцлөх уламжлалт аргыг хэрэглэж хэвшүүлэх хэрэгтэй байна. Одооны залуус хийж сураарай
e