Хонь

ТОРГУУД ҮҮЛДРИЙН ХЭСЭГ

ТОРГУУД ҮҮЛДРИЙН ХЭСЭГ

Тархалт:

 Ховд аймгийн Булган, Үенч, Алтай сумдад зонхилон цэврээр үржүүлж байсны зэрэгцээ улсын хэмжээнд  Ховд, Архангай, Төв, Говь-Алтай, Завхан  зэрэг аймгийн 16 сумын 450 шахам мянган хонинд сайжруулагчаар болон хэрэгцээний эрлийзжүүлэгт өргөн ашиглаж байжээ. Ховд аймгийн  Булган суманд Торгууд үүлдрийн хэсгийн хонины цөм сүргийг үржүүлж байна.

Бий болгосон үржил селекцийн арга:

Баруун монголын алтайн уулархаг мужийн байгаль цаг уурын эрс тэс нөхцөлтэй Ховд аймгийн Булган сумын нутгийн ууцан сүүлт хонийг 1962 оноос эхлэн Сараджин үүлдрийн хуцтай эрлийзжүүлж,  I,II үеийн эрлийз хонин дотроос тохиромжтой хэвшлийн хонийг сонгон “өөр дотор нь” үржүүлэх аргаар  мах-өөх-бүдүүвтэр  ноосны чиглэлийн  ууцан сүүлт “Торгууд үүлдрийн хэсэг”-ийн хонийг бий болгосон ажээ.

Ашиг шимийн үндсэн чиглэл:

Мах-өөх-бүдүүвтэр ноосны

Торгууд үүлдрийн хэсгийн хонины онцлог:

Алтайн уулархаг болон Их нууруудын хотгор хосолсон эрс тэс байгаль цаг уурын нөхцөлд жилийн турш бэлчээрээр маллахад гойд зохицсон, байгалийн бэрхшээлийг даван туулах нутгийн ууцан сүүлт хонины  үнэт чадварыг хадгалсаны  зэрэгцээ ноосны гарц, чанар, мах – өөхөн  ашиг шимийн хэмжээгээр  сайжруулагч үүлдрээс дутахааргүй хэмжээнд хүрсэн  ууцан сүүлтэй, бүдүүвтэр ноостой зэрэг үнэт чадвараараа бусад үүлдэр, омгийн хониноос ялгарах онцлоготой. Хурга төрөхдөө хүрэн бор, хар зүстэй гарч улмаар цайвар бор, цагаан цайвар зүстэй болж хувирдаг онцлоготой.

Тохиромжтой хэвшлийн хонины үндсэн ашиг шимийн доод үзүүлэлт:

Хонины нас, хүйс

Амьдын жин  / кг  /

Ноосны гарц

 / гр /

Хавар /V сард /

Намар /X сард /

Бүдүүн хуц

55.0

65.0

2200

Төлгөн хуц

38.0

55.0

1600

Эм хонь

42.0

50.0

2000

Охин төлөг

32.0

43.0

1400

Баталгаажсан огноо, шийдвэрийн дугаар:

ХАА-н сайдын 1982 оны А/81  дүгээр тушаал.

Торгууд үүлдрийн хэсгийн хонины тодорхойлолтыг бичсэн:

Б.Пүрэв – ХААУ-ны дэд эрдэмтэн, малзүйч, Н.Сүхээ  - ХААУ-ны дэд эрдэмтэн, малзүйч, Н.Хуягт -  Ховд аймгийн Булган сумын малзүйч

Цаашид баримтлах үржил селекцийн ажлын чиглэл:

Торгууд үүлдрийн хэсгийн хонийг цэврээр нь үржүүлж, аж ахуй-биологийн ашигтай үндсэн шинж чанаруудыг алдагдуулахгүй бататган сайжруулж, бүдүүвтэр ноос, өөх-махан ашиг шимийн ховор тохиолдох үнэт хослолыг зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн баяжуулж, тархалтын хүрээг өргөтгөхийн зэрэгцээ өсвөр хонины мах үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, хэрэгцээний эрлийзжүүлэгт өргөн ашиглах  чиглэлээр эдийн засгийн эргэлтэнд хурдацтай оруулж, үнэт генофондын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх.

ТОРГУУД ҮҮЛДРИЙН ХЭСЭГ
ТОРГУУД ҮҮЛДРИЙН ХЭСЭГ