Хонь

ОРХОН ҮҮЛДЭР

ОРХОН ҮҮЛДЭР

Тархалт:

Орхон  үүлдрийн  хонийг Сэлэнгэ, Төв, Өвөрхангай, Хөвсгөл , Булган аймгийн 20 гаруй суманд  цэврээр нь болон нутгийн хонины ашиг шимийн гарц, чанарыг сайжруулагчаар ашиглаж байжээ. Сэлэнгэ аймгийн  Орхон сум, Цөм сүргийн үржлийн төвд  Орхон үүлдрийн хонины цөм сүргийг үржүүлж байна.

Бий болгосон үржил селекцийн арга:

Ойт хээрийн бүсэд орших Сэлэнгэ аймгийн Орхоны сангийн аж ахуйд 1943 оноос Монгол үүлдрийн хонийг Прекос үүлдрийн нарийн ноост хуцаар цус шингээх эрлийзжүүлэгт оруулж, тохиромжтой хэвшлийн шаардлага хангасан I ба II үеийн эрлийз хонийг 1952 он хүртэл “ өөр дотор нь” үржүүлж байгаад 1953 оноос Цыгай үүлдрийн нарийвтар ноост хуцаар нарийн ноост эрлийз хонийг, 1954 оноос Алтай үүлдрийн нарийн ноост хуцаар нарийвтар ноост эрлийз хонийг тус тус цус сайжруулах эрлийзжүүлэгт оруулж, тэдгээрээс гарсан тохиромжтой хэвшлийн нарийвтар ноост хонийг “өөр дотор нь” үржүүлж, олон үүлдрийн оролцоотой үүлдэр гаргах эрлийзжүүлгийн нийлмэл аргаар  ноос - махны чиглэлийн нарийвтар ноост “Орхон үүлдэр”-ийн хонийг зохион бүтээжээ.

Ашиг шимийн үндсэн чиглэл:

Нарийвтар ноос – мах - өөхний

Орхон үүлдрийн хонины онцлог:

Ойт хээрийн бэлчээрийн маллагааны нөхцөлд тарга хүч авах чадвараар монгол хониноос дутахгүй, өвөл-хаврын улиралд алдсан жингээ зун-намрын улиралд нөхөн авах чадвартай, мах-өөхний нядалгын гарцаар монгол хониноос давуутай, 50-58 дугаар чанарын жигд нарийвтар ноостой, төлөрхөг чанарын хувьд 100 эхээс дунджаар 114 төл хүлээн чадамжтай зэрэг аж ахуй – биологийн ашигтай  үндсэн шинжүүдээр бусад үүлдрийн хониноос ялгарах онцлогтой.

Тохиромжтой хэвшлийн хонины үндсэн ашиг шимийн доод үзүүлэлт:

Хонины нас, хүйс

Амьдын жин  / кг  /

Ноосны гарц

 / гр /

Хавар /V сард /

Намар /X сард /

Бүдүүн хуц

60.0

70.0

4500

Төлгөн хуц

35.0

50.0

3000

Эм хонь

40.0

55.0

3200

Охин төлөг

30.0

48.0

2500

Баталгаажсан огноо, шийдвэрийн дугаар:

ХААЯ-ны сайд, Шинжлэх ухаан дээд боловсролын хүрээлэнгийн захиралын 1961 оны хамтарсан 72/16 дугаар тушаал.

Орхон үүлдрийн хонины тодорхойлолтыг бичсэн:

Г.Р. Литовченко  - ЗХУ-ын гавъяат зоотехникч, ХААУ-ны дэд эрдэмтэн, Т.Аюурзана - Хөдөө Аж Ахуйн институтын ЭШ-ний ахлах ажилтан, малзүйч, Б.Аюуш  -  ХААУ-ны дэд эрдэмтэн, малзүйч, Ж.Рааш -  Хөдөө Аж Ахуйн дээд сургуулийн Мал үржүүлгийн тэнхимд эрдэм шинжилгээний туслах ажилтан, малзүйч, Ш. Дашцэрэн – Орхон САА-н үржлийн зоотехникч.

Цаашид баримтлах үржил селекцийн ажлын чиглэл:

Орхон үүлдрийн хонийг бэлчээр, тэжээл бэлтгэлийн нөөц сайтай, газар тариалангийн  бүс нутагт цэврээр нь үржүүлж, түүний аж ахуй-биологийн ашигтай үндсэн шинж чанаруудыг алдагдуулахгүй бататган сайжруулж, тархалтын хүрээг өргөтгөхийн тулд зах зээлийн эрэлт хэрэгцээг эдийн засгийн оновчтой хөшүүрэгтэй зохистой хослуулах аргаар үнэт генофондыг үнэлгээжүүлэн хамгаалах. 

ОРХОН ҮҮЛДЭР
ОРХОН ҮҮЛДЭР