Улс төр

Малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх системийг шинэчилснээр мал аж ахуйн салбарт олон дэвшил гарна

Малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх системийг шинэчилснээр мал аж ахуйн салбарт олон дэвшил гарна

Монгол Улсын малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх системийг шинэчлэх" STDP/PG/534 туршилтын төслийн танилцуулах уулзалтыг 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгууллаа. Уулзалтад Францын Элчин сайдын яам, Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, олон улсын төсөл, хөтөлбөр, салбарын төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон юм.

Уг туршилтын төслийн танилцуулах уулзалтыг нээж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле хэлсэн үгэндээ: “Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Монгол Улсын малыг ялган тэмдэглэж, бүртгэлжүүлэх ажлыг хэрэгжүүлэхээр харилцан тохиролцсон. Энэ дагуу туршилтын төслийг Францын мал аж ахуйн хүрээлэнтэй хамтран боловсруулж, Дэлхийн худалдааны байгууллагын төслийн сонгон шалгаруулалтад тэнцэн, улмаар техник туслалцааны дэмжлэг авахаар болсон юм.

Туршилтын төслийн зорилго, зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, мал аж ахуйн салбарын хөгжлийн бодлого, стратегийн зорилтод нийцэж байгаа гэдгийг хэлэхэд таатай байна” гэв.

Монгол Улсын Их хурлын 2010 оны 23 дугаар тогтоолоор “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг баталж, мал сүргийг хувийн дугаартай болгон бүртгэлжүүлж, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхойлох, бүртгэх, хяналт тавих тогтолцоог бий болгон, олон улсын жишигт нийцүүлэх тухай зорилт дэвшүүлсэн.

Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд малын бүртгэл, мэдээллийн нэгдсэн програм хангамжийг туршин суурилуулах, нэвтрүүлэх ажлыг 2011 оноос 21 аймгийн 330 суманд эхлүүлж, бүх шатанд малын бүртгэл, мэдээллийн асуудал хариуцсан нэгж, мэргэжилтний орон тоо, ажлын байрыг бий болгоод байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад малыг бүртгэлжүүлэх, мэдээллийн сангийн үндэс суурийг тавьсан гэж хэлж болно.  

Гагцхүү мал аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих, өрсөлдөх чадварыг сайжруулахад малын бүртгэлийн ажлыг эрчимжүүлэх, шинэчлэн хөгжүүлэх, олон улсын жишигт нийцүүлэх шаардлага тулгарсан учраас "Монгол Улсын малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх системийг шинэчлэх" STDP/PG/534 туршилтын төслийг хэрэгжүүлэхээр болж байна.

Туршилтын төслийг Өвөрхангай аймгийн гурван суманд хэрэгжүүлэх бөгөөд нийт 170 мянган малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулж, 2 махны үйлдвэртэй хамтран ажиллана. 2019 оны 1 дүгээр сараас 2020 оны 2 дугаар сар хүртэл үргэлжлэх төслийн явцад малын үндэсний бүртгэл мэдээллийн нэгдсэн санг боловсронгуй болгон шинэчлэх, тэр дундаа мэдээлэл дамжуулах уншигч төхөөрөмжийг ашиглах, малын шилжилт хөдөлгөөнийг онлайнаар хянах зэрэг боломжийг бүрдүүлэх юм.

Мөн орон нутагт ажиллаж буй бүртгэлийн мэргэжилтнүүдийг мэдээлэл дамжуулах бар код уншигч төхөөрөмжөөр хангах, мал бүртгэлжүүлэх үйл явцыг сайжруулахыг зорьж байна. Ийнхүү нэгэнт бий болсон системийг шинэчилснээр үржлийн ажил шинэ шатанд гарах, малын ашиг шим, үүлдэр угсаа сайжрах, малын шилжилт хөдөлгөөнийг хянах, малын эрүүл мэндийг хамгаалах, малын гарал үүслийг тодорхойлох, мөрдөн мөшгих, малын хулгайтай тэмцэх, илрүүлэх зэрэг олон үр дүн гарна гэж Францын Мал аж ахуйн хүрээлэнгийн ажилтан Эрик Рехбен мэдээллээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нь мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг малчны хотноос хэрэглэгчийн ширээнд очих хүртэлх бүх мэдээллийг бүртгэлээр дамжуулан авдаг, хянадаг, мэдээлдэг болохыг зорьж, бодлого, үйл ажиллагаагаа энэ чиглэлд хандуулж байна. Энэхүү туршилтын төслийг хэрэгжүүлснээр бид өмнөө тавьсан зорилтоо хэрхэн зөв хэрэгжүүлэх вэ гэдгээ тодорхойлж, хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангах боломж бүрдэнэ гэж үзэж байгаагаа ХХААХҮЯ-ны Малын үржил, бүртгэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батсүрэн хэлэв.

Сэтгэгдэлүүд (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.