ХХААХҮ Салбар

Салбарын бодлого тодорхойлогчид, эрдэмтэн судлаачид, хувийн хэвшлийнхэн нэг өдөр нэгэн талбарт чууллаа

Салбарын бодлого тодорхойлогчид, эрдэмтэн судлаачид, хувийн хэвшлийнхэн нэг өдөр нэгэн талбарт чууллаа

"Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци-2018" үндэсний чуулганыг ХХААХҮЯ-наас БСШУСЯ-тай хамтран амжилттай зохион байгууллаа. Олон дэд салбараас бүрдсэн, харилцан уялдаа бүхий цогц үйл ажиллагааг шаардаж байдаг уг салбарын хувьд шинжлэх ухаан, технологи, инновацийг нэвтрүүлж, нутагшуулах нь нэн тэргүүний чухал асуудал учраас төр, засгийн зүгээс анхаарал хандуулж байгаагийн нэг илрэл нь өнөөдрийн судлаач, эрдэмтэд, хувийн хэвшлийнхний дуу хоолойг сонссон арга хэмжээ юм. Хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулдаг Үндэсний чуулганы энэ удаагийн онцлог нь хүнс, хөдөө аж ахуйн салбар дээр хөнгөн үйлдвэр нэмэгдсэн явдал. 

Салбарын эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэн судлаачдын судалгааны ажил, хийсэн бүтээлийг төр, засгийн түвшинд ч тэр, хувийн хэвшлийнхэнд ч тэр танилцуулж хүргэх, эдгээр оролцогч талыг нэг цагт нэгэн талбарт уулзуулах, салбарт гарсан шинжлэх ухаан, технологи, инновацийн ололт, амжилтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, үүнд тулгамдсан асуудлыг шийдэх гарц шийдлийг тодорхойлох зорилготой чуулган ийнхүү өндөрлөлөө. Чуулганыг хааж, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле хэлсэн үгэндээ: "Бид бие даасан салбарын инновацийн хөтөлбөртэй, хамгийн их захиалгат төслийг гүйцэтгүүлдэг, гарааны компаниуд, эрдэм шинжилгээний ажлын үр дүн, бүтээгдэхүүнийг дэмжин урамшуулдаг, Сайдын нэрэмжит грантаа олгодог, эрдэмтэн, судлаачдын ажлын үр дүнг эмхтгэл болгон олон нийтэд хүргэдэг, ээлжит чуулганыг зохион байгуулдаг, гадаадын хамтын ажиллагаагаа байнга өргөжүүлдэг салбар байх болно" гэв.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци-2018" үндэсний чуулганд оролцогчдоос хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, технологи, инновацийн тогтолцоог сайжруулж, хөгжүүлэхэд чиглэсэн зөвлөмж

  1. Малын генетик нөөцийн өнөөгийн төлөв байдлыг судлах, илрүүлэх болон хөгжүүлэх удам зүйн судалгааг өргөжүүлэх;
  2. Монгол орны мал, амьтан, ургамлын генофондыг хамгаалах, сайжруулах, бүртгэл, мэдээллийг сайжруулах талын судалгааг дэмжих;
  3. Мал, амьтан, тэжээлийн ургамлын биологийн онцлогоос хамааран, шинэ  үүлдэр, омог, үүлдрийн болон үржлийн хэсэг, сорт бий болгоход чиглэсэн судалгаа боловсруулалтын ажлыг урт хугацаатайгаар тасралтгүй санхүүжүүлэх;
  4. Бэлчээрийн доройтлыг бууруулах, хөрсний үржил шимийг сайжруулах, цөлжилтийг сааруулах, мал, амьтны тэжээлийн хангамж чанарыг нэмэгдүүлэхийн тулд тэжээлийн нэг болон олон наст ургамлын үр үйлдвэрлэлийн нөөцийг судлах, нэмэгдүүлэх;
  5. Эрдэм шинжилгээний байгууллагын туршилт, судалгааны үр дүнд бий болсон  гарааны компаниудын инновацийн бүтээгдэхүүнийг (малын генетик материал, доройтлын эсрэг тэжээлийн ургамлын үр, эрдэс, нэмэгдэл тэжээл, арьс шир, ноос, ноолуур, модон эдлэл) үйлдвэрлэлд нэвтрүүлэх, төрийн худалдан авалтад шууд гэрээ хийх, дотоодын давуу эрх тооцох шийдвэр гаргаж, жагсаалт батлах;
  6. Шинээр бий болсон мал эмнэлгийн зориулалттай эм, бэлдмэлүүд, оношлууруудыг захиалах, гэрээлэх, сонгон шалгаруулах, худалдан авах замаар, эрдэм шинжилгээний байгууллага, гарааны компаниудыг байгуулахад дэмжлэг үзүүлэх;
  7. Малын эмийн эрэлт хэрэгцээг хангахад эрдэм шинжилгээний байгууллага, гарааны компанийн үйл ажиллагааг чиглүүлж, шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн эргэх холбоог бий болгох;
  8. Бүтээгдэхүүний сурталчилгаа, худалдан авалтыг төрийн бодлогоор дэмжих, цаг агаарын хүндрэлийн улмаас мал аж ахуйд тохиолдох эдийн засгийн хор хохирлыг багасгахын тулд мал тэнхрүүлэх, угтан сувилах зориулалтын эм бэлдмэлийн багцыг улсын нөөцөд худалдан авахад дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах;
  9. Гарааны компаниар инновацийн төсөл гүйцэтгүүлэх болон Мал хамгаалах сан, Жижиг, дунд үйлдвэрийн зээлийн 20 хувийг мэдлэг шингэсэн үйлдвэрлэлд олгох гэх мэтээр санхүүгийн чадавхийг дээшлүүлэх;
  10.  Гарааны компанийг эхний таван жилд  татвараас чөлөөлөх, ( одоогийн гурван жилийг таван жил болгож сунгах) нэвтрүүлсэн судалгааны үр дүнгээс хамааран тухайн бүтээгдэхүүний зохион бүтээгч нь тодорхой хувь хүртэх урамшууллын тогтолцоог бий болгох;
  11. Хүн ардыг хүнсний шим тэжээлийн талаар мэдлэг, мэдээллээр хангах хөтөлбөр боловсруулах;
  12. Эмзэг бүлэгт чиглэсэн шим тэжээлийн бодлого гарган хэрэгжүүлэх;
  13. Хүн амын бодит хэрэглээний судалгааг таван жил тутам зохион байгуулж хүнсний хангамж, хүртэмжийн төлөвлөлт, хэрэгжүүлэх арга замаа тодорхойлж байх;
  14. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний найрлагын судалгааг олон улсын жишгээр хийж хэвших
  15. Хүн амын сүүний хэрэглээг хангах төв, суурин газрыг түшиглэн сүүний аж ахуй байгуулах;
  16. Төв, суурин газрын хэрэгцээг хангах навчит ногооны үйлдвэрлэл болон хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх;
  17. Хүнсний ногооны ложистик, хадгалах  байгууламжуудыг байгуулж төмс, хүнсний ногоогоо хаягдалгүй хэрэглэх;
  18. Хувцас болон нэхмэлийн үйлдвэрлэлд эргэх холбоо бүхий эдийн засгийг дэмжих зорилгоор бизнесийн шинэ загвар бий болгох, хөгжүүлэх;
  19. Байгалийн гаралтай өөрөө нөхөн сэргээгдэх түүхий эдийг бүрэн ашиглах, дэвшилтэт шинэ технологи боловсруулах, үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, импорт орлуулах шинэ нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх;
  20. Цэвэр усны ба эрчим хүчний хэрэглээг бууруулах зорилготой үйл ажиллагааг дэмжих;
  21. Химийн бодисын хэрэглээг багасгах, шинэ тогтвортой, аюулгүй хими технологийг нэвтрүүлэх;
  22. Ухаалаг бүтээгдэхүүн үйлдвэрлэх шинэ арга замыг хөгжүүлэх, нэвтрүүлэх;
  23. Шинэ хэрэглээнд зориулсан шинэ эко материал үйлдвэрлэлийн туршилт судалгааг хөгжүүлэх;
  24. Тариалангийн салбарт инженерийн хийцтэй том услах систем, усны боомтын барилга байгууламж байгуулахад хөнгөлөлттэй зээл, татварын бодлого, лизингийн үйлчилгээгээр дэмжих;
  25. Монгол Улсад бий болсон шинэ технологи, шинэ материал бүтээгдэхүүнийг олон улсад таниулах ажлыг төрийн бодлогоор дэмжих.

 

Эх сурвалж: ХХААХҮЯам

Сэтгэгдэлүүд (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.